Эрдмийн зөвлөлийн дүрэм

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шинэ иргэншил дээд сургуулийн (цаашид “Сургууль” гэнэ.) эрдэм судлалын ажлын холбогдолтой  нийтлэг харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2.Эрдмийн зөвлөл нь сургуулийн эрдэм судлалын ажлын шинжлэх ухааны төвшинг дээшлүүлэх, багш, магистрант, оюутан суралцагчдын мэдлэг, чадвар, дадал, туршлагыг нэмэгдүүлэх, ёс зүй, соёлыг дээшлүүлэх зорилготой ажиллана.

1.3.Эрдмийн зөвлөлийн ажлын нэг хэсэг нь магистрын сургалт нээж явуулахад чиглэх бөгөөд магистрын сургалт явуулах асуудлыг захирлын тушаалаар зохион байгуулна.

Хоёр. Эрдмийн зөвлөл байгуулах

2.1. Сургуулийн эрдмийн зөвлөлийг (цаашид “Зөвлөл” гэнэ.) захирлын тушаалаар байгуулж ажиллуулна.

2.2.Зөвлөлийг 9-13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Үүнд:

2.2.1.Өөрийн сургуулийн докторын зэрэгтэй хүмүүсээс тэнхимүүдийн саналаар

2.2.2.Тус сургуультай хамтран ажилладаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтэд

2.2.3.Сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын бааз газрын удирдах ажилтан, магистраас дээш зэрэгтэй хүмүүс

2.3.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна. Сургалтын албаны менежер нь эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга байна.

2.4.Зөвлөлийн бүрэлдэхүүний өөрчлөлтөд нэр дэвшүүлэх саналыг тэнхмүүд, үүсгэн байгуулагчаас гаргасан тохиолдолд захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Нэр дэвшигчийн эрдмийн зэрэг, цол, судлагааны чиглэл, бүтээл, үндэслэлийг тодорхой гаргасан байна.

2.5.Зөвлөлийн гишүүдийн гүйцэтгэсэн үүрэгт ажлын хөлсийг эрдмийн зэрэг, цол, мэргэжлийн ур чадвар, чанарт нь дүйцүүлэн сургуулиас олгоно.

2.6.Зөвлөлийн дарга нь Зөвлөлөөс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, зөвлөлийн хуралдааны хугацааг товлох, бүрэлдэхүүнд ажил үүргийг хуваарилан гүйцэтгэлийн хяналт тавих ба өөрийн мэдлийн асуудлаар бусад байгууллагатай харилцана.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа

3.1.Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Ээлжит хуралдааны тухай зарыг сургуулийн хамт олонд урьдчилан мэдээлж байна.

3.2.Зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа дараах чиглэлтэй байна. Үүнд:

3.2.1.Багш нар, магистрант, докторант, оюутан суралцагчдын эрдэм судлалын ажлын шинжлэх ухааны төвшинг дээшлүүлэхэд тодорхой бодлого, зорилттой ажиллаж, хүний хөгжлийг хангах;

3.2.2.Багш нарыг шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд ажиллах мэргэжлийн төвшинг дээшлүүлж ажиллах;

3.2.3.Судлагаа шинжилгээний ажил гүйцэтгэх, судлагааны баг байгуулж ажиллуулах;

3.2.4.Багш нарыг судлагаа шинжилгээний ажил эрхлэхэд зөвлөн туслах;

3.2.5.Багш, оюутанд зориулан судлавал зохих ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, судлагааны материалын жагсаалт гаргаж өгөх;

3.2.6.Багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлууд зохион байгуулах;

3.2.7.Сургуулийн дагнасан тодорхой чиглэл, сэдвээр Үндэсний хэмжээний болон Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, уулзалт бие дааж болон хамтран зохион байгуулах;

3.2.8.Шинжлэх ухааны тодорхой чиглэл, салбараар судлагааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлан явуулж болно;

3.2.9.БСШУЯ-ны баталж өгсөн чиглэлүүдээр Магистрантурын сургалт явуулах;

3.2.10.Горилогч магистрын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, магистрын ажил хамгаалахтай холбоотой асуудлаар зөвлөгөө авах, сургуулийн эрдэм шинжилгээний номын сангаар үйлчлүүлэх зэрэг бүх боломжоор хангаж өгөх;

3.2.11.Шинэ иргэншил дээд сургуульд нээж ажиллуулах магистрын сургалт явуулах журмыг боловсронгуй болгох санал боловсруулан захиргаанд оруулж байх;

3.2.12.Магистрын сургалт явуулах шинэ чиглэлээр Сургуулийн захиргаанд санал боловсруулж өгөх;

3.2.13.Магистрын сургалтын төлөвлөгөө, агуулгыг боловсронгуй болгох санал боловсруулах;

3.2.14.Зөвлөл магистрын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрх эдэлнэ;

3.2.15.Судалгаа шинжилгээний ажил эрхэлж байгаа багш, докторант, магистрантад удирдагч, шүүмжлэгч томилж өгөх;

3.2.16.Багш, оюутны эрдэм судлалын ажлын чиглэл, сэдвийн талаар тэнхмүүдтэй зөвлөлдөх;

3.2.17.Багш, докторант, магистрант, оюутан суралцагчдын мэдлэг, чадвар, дадал, туршлагыг нэмэгдүүлэх, ёс зүй, соёлыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах;

3.2.18.Багш нар, магистрантуудад хичээл заах;

3.2.19.Багш, судлаач, оюутны бүтээлээр жил бүр “Эрдмийн бичиг” цуврал сэтгүүл гаргах;

3.2.20.Багш нарын судлагааны ажлын үр дүнг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх;

 3.2.21.Багш, оюутны эрдэм судлалын бүтээлийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эрхийн хамгаалалт хийлгэх;

3.4.Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдаантай холбоотой бичиг баримтыг хичээлийн жил бүрийн эцсээр  сургуулийн захиргаанд гаргаж өгнө.

Дөрөв. Зөвлөлийн хуралдаан

4.1.Зөвлөлийн хуралдааныг 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.

4.2.Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана. Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлнө.  Нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг томилж нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлнэ. Зөвлөлийн даргын эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.

4.3.Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хааж үг хэлэх ба хэлэлцэх асуудлыг танилцуулан батлуулна. Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар гишүүд болон оролцсон хүмүүс асуулт тавьж, хариулт авах, мэдээлэл хийх, мэтгэлцэх, дүгнэлт гаргах, санал өгөх, эрх эдлүүлэх;

4.4.Зөвлөлийн хуралдаанаар аливаа шийдвэрийг нууц санал хураалтын үр дүнг үндэслэн гаргах ба хуралдааны шийдвэр нь зөвлөлийн гишүүдийн 75-аас доошгүй  хувийн санал авсан тохиолдолд хүчинтэй байна.

4.5.Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудсанд, нэгдүгээрт: хэлэлцэж буй асуудал, хоёрдугаарт: шийдвэр гаргахад өгөх эерэг ба сөрөг саналын хувилбарын алийг нь сонгохоо өмнөх дугаарыг нь дугуйлахаар бодож хийсэн байна.

Тав. Бусад зүйл

5.1.Зөвлөлийг захирлын тушаалаар татан буулгана.

5.2.Зөвлөлийн хуралдаан, бусад үйл ажиллагааны тэмдэглэл, зураг, илтгэл, холбогдох бичиг баримтуудыг архивын нэгж болгож сургуульд хадгална.

Харилцагч байгууллагууд